Amidarval amidarsan shig amidar, yamar ch yed aidasguigeer amidar...

Monday, May 14, 2012

Япончуудын үүсэл гаралын тухай

Өнгөрсөн үеээ үгүйсгэн,тэдний түүхэн үйл ажиллагааг үндсээр нь буруутган, өөрсдийн үндэс угсааны түүхээс бүр мөсөн арчин хаяж явсан эмгэнэлт явдал аль ч улс оронд байдаг бололтой. Энэ үзэгдэл, өнөөдөр дэлхийг тэргүүлэгч гэгддэг Их Наран улсын түүхэнд ч, гашуун туршлага болон яригдсаар байдаг юм байна.
Энэ тухай Японы түүхч Иэнага Санроо ийнхүү бичиж байна.
Эрт дээр үед, төр засаглалын үүслийг түүхийн эхлэл гэж үзэх үзэл ноёрхож байсан юм. Нөр их төр засаглалынхаа өмнөөс ард түмнээ номхруулан жижигрүүлж явсан цаг үед, төр засаггүй цагийн хүн бол хүн биш амьтан гэж үзэгдэж ирсэн бололтой.
Яагаад ийм үзэл гарах болсон юм болоо. Төр засаггүй үе байсан юмаа гээд ард түмний ой тоонд хэлээд өгчихвөл, төр засаг гэдэг нь энэ хорвоод зайлшгүй байх ёстой зүйл биш юм байна гэдгийг мэдээд, алсдаа дахин төргүй нийгмийг эрэлхийлэн хүсэгчид гарч ирэх “Аюул” тулгарах юм биш байгаа гэж болгоомжилсоных юм бол уу?
Үүнтэй зэрэгцэн бас өөр нэг үзэл санаа амьсгалж байлаа. Энэ нь ертөнцийн үзэгдэл юмсыг түүхэн сурвалж бичигт тэмдэглэдэг болсон үеээс хойшихийг түүхийн цаг үе гэж нэрлэн, түүнээс урдах цаг хугацааг өмнөх түүхийн үе хэмээн нэрлэж, яг л түүхийн цаг хугацаанаас өмнө бас нэгэн цаг хугацаа байсан мэтээр үзэх үзэл оршин тогтнож байлаа.
Гэвч одоо цагт, зөвхөн түүхийн сурвалж бичиг л түүхийг мэдэх материал биш юмаа гэдэг нь мэдээжийн хэрэг болоод байна. Төр засгийн тухайд ч гэсэн, энэ нь хүн төрөлхтөний түүхийн тодорхой нэг үе шатанд үүсэн бий болдог нийгмийн олон үзэгдэлийн нэгэн төдий зүйл ба, ирээдүйд хэзээ нэгэн цагт устан алга болж болох түүхийн бүтээгдэхүүн юм гэж үзэх болжээ.
Хүн төрөлхтөний түүх бол хүн анх удаа үйлдвэрлэлийн багаж зэвсэг бүтээн гаргаж, нийгмийн шинж чанартай үйлдвэрлэл явуулж эхэлсэн үеээс эхэлнэ гэсэн үзэл санаа өнөөгийн судалгааны ертөнцөд амьсгалж байна. Японы түүх судлал ч энэ чиг зарчмийг баримталж байна.
Дайны өмнөх бага дунд сургуулийн түүхийн сурах бичигт хүй нэгдлийн үеийн түүх огтхон ч дурсагдаагүй байгаа нь, шууд утгаараа “Бурхант үе” _ийн домгоор Японы түүхийг эхлүүлж орхисон учраас хүй нэгдлийн нийгмийн түүхэнд эзлэх орон зай алга болсон боловч шинэ үеийн үзэл бодлын ач буянаар дайнаас хойш, Японы түүхийн сурах бичгүүд “Бурхант үе “ гэсэн эхлэлээс татгалзаж, өөрсдийн түүхээ чулуун зэвсгийн үеээс эхлүүлэн судлах болжээ.
Японы түүх судлалд, дайны дараахан хүртэл, Жоомонгийн шавар сав суулга хэрэглэж байсан үеийг л өөрсдийн чулуун зэвсгийн үе гэж нэрлэж байжээ. Жоомонгийн үе гэдэг нь ёвропын он тооллын хуучин чулуун зэвсгийн үетэй давхцах ба, судлаач Иэнагагийн тооцоолсоноор 10000 жил гэдэг түүхийн урт удаан хугацаа зарцуулагдсан байна. Гэтэл Шоовагийн 24 он буюу 1949 онд Гүнма аймгийн Иважүкү гэдэг газраас Жоомонгийн үеийн шавар сав суулгатай огт адилгүй чулуун сав суулга олдсоноор, Жоомонгийн соёл хөгжин дэлгэрэхээс өмнө, түрүү үеийн шавар сав суулгын соёл оршин тогтнож байсан нь тодорхой болж, улмаар Японы газар бүрээс ийм олдвор олдох болжээ.
Ер нь Япончууд өөрийн өвөг дээдсийн үүслийн тухай хэрхэн үздэг юм болоо.
Хүний үүсэл хөгжил нь сармагчин хүн, эртний хүн, хуучин үеийн хүн, шинэ үеийн хүн гэсэн дэс дараалалтайгаар дэвшиж ирсэн ба ойролцоогоор 30000 жилийн өмнөөс шилжин суурьшиж ирсэн шинэ үеийн хүнээс Японы арал дах хүн төрөлхтөний түүх эхэлсэн гэж үзсээр ирсэн боловч Мияаги аймгийн Бабадан А, мөн аймгийн Такамори гэдэг газруудаас олдсон олдворууд нь дээр дурдсан үзлийг үгүйсгэхэд хүргэсэн байна. Эдгээр олдворуудаас эртний хүний хэрэглэж байсан чулуун зэвсэг болон ахуй амьдралын зүйлсийн эд мөр гарч ирсэн ба одоогоос барагцаалбал 500_600 мянган жилийн өмнөх дурсгалууд байсан нь Япончуудын уг сурвалжийг дахин судлан тогтоох шаардлагыг бий болгосон байна.
Гэхдээ Японы судлаачид эдгээр хүмүүсийг өөрийн өвөг дээдэс мөн гэж баттай үзэхгүй байгаа ба тэднийг ази үндэстний өвөг дээдсийн нэг хэсэг болов уу гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.
Япончууд өөрсдийн өвөг дээдсийн хамгийн дээд гаралыг, шинэ үеийн хүн гарч ирсэний дараахан, хойд зүгээс одоогийн Японы арал дээр ирсэн бүлэг иргэдийг болов уу гэсэн таамаглалыг дэвшүүлдэг юм байна.
Одоогийн Японы арал нь тухайн үедээ ази тивийн эх газараас салаагүй байсан гэж үздэг юм байна.
Тэдгээр бүлэг иргэд нь Мамос хөөж явсан анчид байжээ. Ер нь азичуудыг хуучин монголоид, шинэ монголоид гэж хоёр хуваадаг юм. Японы арал дээр хуучин чулуун зэвсгийн соёлыг бий болгосон хүмүүс нь хуучин монголоид нар бөгөөд тэд жоомончууд болно. Жоомончуудын дотор эх газраас Кюүшүүгийн нутаг уруу нүүдэллэн ирсэн хүмүүс болон Окинавагаар дамжин хойшлон нутагшсан хүмүүс ч цөөнгүй холилдсон байна.
Шинэ монголоид нь мөстлөгийн ид үе буюу 20000 жилийн өмнөх Сибирийн хүйтэнд зохицон амьдрах чадвартай хүмүүс байжээ. Тэд нар ойролцоогоор 10000 жилийн өмнөөс азийн газар бүрээр тархан суурьшиж эхэлсэн юм. Тэд эхэндээ Хятад төвтэйгээр тархан, Солонгосын хойгт хүрэлцэн очиж, Яаёогийн эхэн үеэс тэндээсээ Японы арал уруу шилжин суурьшсан юм. МЭӨ 200 жилийн өмнө суурьшиж эхэлсэн гэж үздэг ч сүүлийн үед тэрхүү цаг хугацааг МЭӨ 300 он болгон урагшлуулан үздэг тал ч байна.
Цаашлаад 5,6_р зууны ед Солонгосын хойгоос “Торайжин” гэгдэх цагаачид олноор нүүдэллэн очжээ. Ингэж, хуучин шинэ Монголоид, нутгийн уугуул иргэдийн цус холилдон өнөөгийн Япончуудын өвөг үүссэн гэж үздэг юм байна.