Amidarval amidarsan shig amidar, yamar ch yed aidasguigeer amidar...

Monday, May 14, 2012

'' Өнгө'' түүний тухай


Хүн төрөлхтөний хувьд өнгө гэдэг нь тухайн үндэстний онцлогыг илэрхийлэх нэгэн томоохон соёлын нэг юм. Өнгийг онолын талаас нь тайлбарлах гэсэн оролдлого нь нэн эртний Грекийн үеэс эхлэлтэй ба энэ үед Платон , Аристотель зэрэг гүн сэтгэгчид байгалийн үзэгдэл дээр тулгуурлан өнгийг тайлбарлах гэж оролдож байв. Түүнээс хойш шинжлэх ухааны хөгжил дэвшилттэй хамт өнгөний судалгаа шинжилгээ нь янз бүрийн салбарт явагдсаар иржээ. Орчин үеийн өнгөний ухааны үндэс суурийг тавьсан хүн нь агуу их физикч Ньютон юм. Тэрээр янз бүрийн туршилт явуулсны эцэст нарны гэрэл өөртөө бүх өнгийг агуулдаг ба нарны гэрлийн олон өнгийн долгион нь хоорондоо холилдож цагаан өнгөтэй болж харагддаг. Цагаан гэрлийг гурвалжин призм хэлбэрийн линз дундуур нэвтрүүлэхэд янз бүрийн урттай гэрлийн долгион болон задарч солонгын долоон өнгө үзэгддэг хэмээх онолыг 1704 онд дэвшүүлэн гаргажээ. Өнөө үед өнгө судлал нь олон орны эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд оршсоор байгаа бөгөөд бие даасан шинжлэх ухааны салбар болтлоо өндөр төвшинд хөгжиж байна. Хүмүүс дүрслэн урлах ухааны ерөнхий мэдэгдэхүүн , орон зайн дүрслэл , өнгөний зүй тогтол, өнгө зохицлын тухай мэдлэггүйгээр уран бүтээл уншиж чадахгүй ба гоо сайхныг мэдрэх чадвар нь сул дорой байдаг байна. Сэргэн мандалтын үеийн Италийн эрдэмтэн , зураач Леонардо Да Винчи өнгөт зургийн талаар шинжлэх ухааны сэдэвт зохиол бичиж байжээ.
Бусад улс оронтой харьцуулахад манай оронд өнгө судлал нь хараахан хөгжиж амжаагүй салбарын нэгд зүй ёсоор орж байна. Монголын уламжлалт соёл зан заншилд өнгө нь бэлгэдлийн арвин их сан хөмрөгтэй бөгөөд бусад үндэстний өнгөөр бэлгэдэх ёсонд байдаггүй гэж хэлж болохуйц өвөрмөц бэлгэдлүүдийг өөртөө агуулсан байдаг. Монгол өнгө судлалын салбарт эрдэмтдийн сонирхлыг малын зүсмийн судалгаа ихээр татдаг бөгөөд судалгаа шинжилгээний үр дүнд зөвхөн морины зүсэм л гэхэд 200 гаруй байдгийг тогтоожээ.
Харин Япончууд сакүра, момо, аканэ, аши, кикү, күри гэх мэтийн ургамал, цэцгийн нэрээр өнгөө нэрлэдэг агаад эдгээр өнгөний нэр нь харьцангуй их байдаг бололтой. Монгол хэлэндэх өнгөний нэр нь харавтар хөх , цагаан цэнхэр, улаан шаргал , шар ногоон гэх мэтээр үндсэн нэг өнгөнөөс ахин өөр өнгөний нэр үүссэн байх нь олонтой байдаг. Мөн амьтан, ургамал, ашигт малтмал ( танан цагаан, номин цэнхэр г/м) нэрнээс үүсэлтэй өнгөний нэр ч цөөнгүй байдаг. Дээрхи байдлаас үзэхэд дэлхийн улс үндэстэн бүр байгаль орчин , газар зүйн байрлал , ёс заншил, амьдралын хэв маяг зэрэг олон талаараа харилцан адилгүй байдгаас өнгөний бэлгэдэл нь ч өөр өөрийн гэсэн өвөрмөц утга санааг агуулдаг бололтой. Иймээс уг сэдвийг сонгон авч Япон ,Монгол 2 орны өнгөний бэлгэдэл зүйд ялгаатай хийгээд төсөөтэй талуудыг үндсэн 5 өнгөн дээр харьцуулан үзэхийг зорилоо.
Цагаан өнгөний бэлгэдэл


Цагаан өнгө нь Монгол домог зүй ,бөө мөргөлийн төсөөллөөр нарны гэрэл өдрийн цагаан гэгээ болон баруун зүгийн 55 хөх цагаан тэнгэрийн өнгийг төлөөлдөгийн хувьд үлгэр туульст ч энэ бэлгэдэл утгаа хадгалсаар байна. XIII – XIV зууны үеийн Монгол бөө нар цагаан дээл, малгай өмсөж , цагаан морь унаж явдаг байсан түүхэн сурвалж байдаг.
Монголчууд эрт дээр үеэс энэхүү өнгийг эхийн сэтгэл, хүний сайхан сэтгэл, аливаа сайн сайхан бүхэнтэй зүйрлэж эрхэмлэсээр ирсэн билээ. Эхийн сэтгэл гэдэг юутай ч зүйрлэшгүй ариун нандин зүйл болохоор ийнхүү эхийн сэтгэлийг сүүн цагаан сэтгэл хэмээн нэрлэх болсон болов уу. Монголчууд эрт дээр үед сайхан сэтгэл болон хүндэтгэлийн илэрхийлэл болгон хаад ноёд ,ихэс дээдэстээ 9-н цагааны бэлэг өргөн барьдаг заншилтай байжээ. Үүний нэгэн тод жишээ нь : Манжийн хаад ноёдод 9-н цагааны бэлэг болох 8 цагаан морь,1 цагаан тэмээг өргөн барьдаг байв.
Өвөг дээдэс маань төрийн бэлгэ тэмдэг сүлд тугандаа ч цагаан өнгийг эрхэмлэн хэрэглэх болсон нь улмаар төрт ёсны бэлгэдэл болох 9 цагаан хөлт туг нь сайн сайхан ,энх амгалан , мөнхжингийн бэлгэдэл болжээ.
Түүнээс гадна Монгол бөө мөргөлд хар хоргүй цагаан сэтгэл нь бүхнийг ялан дийлнэ хэмээн үздэг байсан ба тэмээн чинээн харыг тэвнийн чинээ цагаанаар цайлгаж болно гэж үздэг. Монголчууд билгийн улиралын тооллын эхэн Цагаан сар шинэлэх ёслолын өдөр өтгөсөө хүндэтгэж нялхасаа баясган ураг төрлөөрөө сэтгэлийн цайлган халуун үгсээ ярилцаж, цагаан идээ ,цагаалгаа хуваалцан хүртэж, өтгөс бууралдаа эдийн дээд хадаг юугаан барин золгодог заншилтай билээ. Түүхэнд Цагаан сарын шинийн нэгэнд хотол даяараа хаан, харцгүй цагаан нэхий дээл өмсч цагаан морь унаж шинэлдэг байсан тухай нэгэнтээ өгүүлсэн байдаг . Үүний зэрэгцээ ард олон ам цагаан хулганыг энх тунх ,элэг бүтэн, элбэг дэлбэг амьдралын бэлгэдэл хэмээн бэлэгшээж иржээ. Ийнхүү цагаан өнгө нь Монголчууд бидний хувьд эртнээс нааш эдүйгээ хүртэл ихэд дээдлэгдэн ирсэн эрхэм өнгөний нэг билээ.
Япончуудын хувьд цагаан өнгө нь эртнээс дээдлэгдэн шүтэгдсээр ирсэн уламжлалт өнгөний нэг юм . Өөрөөр хэлбэл хир буртаггүй ,цэвэр ариун гэсэн ойлголтыг төрүүлдэг. Тэд Монголчуудын нэгэн адил цагаан өнгөөр сайхан сэтгэл, ариун явдлыг бэлгэдэн амьдрал ахуйдаа дээдлэн хэрэглэсээр иржээ. Японы түүхэнд VII зууны үед цагаан өнгийг хааны өнгө хэмээн хуулиар тогтоосон тухай өгүүлсэн байдаг. Иймээс ч цагаан өнгийг онцгойлон бэлгэшээж үздэг байсан түүхэн жишээ олон байдаг . Дайны үед цэргийн туг болон дайсандаа бууж өгөх үедээ цагаан өнгийн тугийг хэрэглэдэг байсан байна. Энэ нь ямар нэгэн атгаг муу санаа агуулаагүй гэсэн сэтгэлээ цагаан өнгөөр илэрхийлж байсны тод жишээ юм. Түүнчлэн бурхны зан үйл болон гэрлэх ёслолын үед цагаан өнгийн хувцас өмсөх нь түгээмэл байдаг. Эдогийн үед дүрслэх урлагт чөтгөр шуламсыг цав цагаан хувцастайгаар дүрслэн зурж байжээ. Иймээс цагаан өнгө нь хүйтэн , сэтгэл тавгүйцэм байдлыг бий болгодог хэмээх үзлийг Япончуудад бий болгосон бололтой. Хүн төрөхдөө цагаан даавуунд өлгийдүүлдэг хийгээд мөн хорвоогоос халихын цагт цагаан даавуугаар ороогддог хэмээх үзэл нь Япон, Монгол 2 орны ард түмний сэтгэлгээнд шингэсэн байдаг . Япончууд цагаан өнгөөр намрын улирлыг бэлгэддэг. Учир нь цасан цагаан өнгөт цагаан будаа боловсрох цаг үе нь намар цаг юм. Япончууд цагаан өнгийг ихэд бэлгэдэн төрийн далбаандаа ч оруулсан байдаг билээ. Төрийн далбааны дэвсгэр болох цагаан өнгө нь үнэнч ,ариун сэтгэлийн бэлгэдэл болдог ажээ. Цагаан өнгө нь баруун зүгийн бэлгэдэл төдийгүй сарны цайвар өнгө ,Цолмон гаргийн гэрэл туяаг төлөөлдөг байна.

Хөх өнгөний бэлгэдэл

Монголчуудын хувьд хөх өнгөний бэлгэдэлийн уг сурвалж нь тэдний гол шүтээн болох Мөнх хөх тэнгэрээс үүдэлтэй ажээ. Тэнгэрт сүлд,сүнс, сүр жавхлан, оюун санааг хайрладаг далдын хүч байдаг хэмээн үздэг тул тэнгэрийг эцэг,газар дэлхийгээ эхтэйгээ зүйрлэн бурхан тэнгэртээ өөрсдийн заяа төөргөө даатган ,идээ будааныхаа дээжийг өргөж залбиран шүтсээр иржээ. “Монголын нууц товчоо”-нд Монголчуудын гарал үүслийн талаар дээд тэнгэрээс заяат Бөртэ чоно Гуа Марал тэнгис далайг гаталж ирээд...хэмээн өгүүлсэн байдаг ба Монгол хүүхэд төрөхдөө хөх толботой төрдөг нь тэднийг өөрсдийн өвөг дээдсийг тэнгэрээс заяатай хэмээн үзэхэд хүргэсэн билээ. Чингис хаан их аян дайнд дайлаар мордохдоо өстөн дайснаа дарах их хүч чадал хайрлахыг наминчлан хүсэж тэнгэр бурхандаа тахил өргөн залбиран гуйдаг байжээ. Их эзэн хаан маань Мөнх хөх тэнгэрийн зарлиг ,таалал, гэсгээл шийтгэлийг бичиж бай хэмээн “Хөх дэвтэр” бичгийг гаргахыг зарлиг болгож байсан түүхэн баримт байдаг аж. Мөн түүнчлэн Монголчууд өөрсдийн түүхийн тавцан дахь мандан бадралтыг хөх тэнгэрийн хүчин ивээл хэмээн үзэж байсан байна. Тиймээс ч түүхнээ хөх Монгол улс гэсэн төр ёсны их бэлгэдэл үүссэн гэлтэй .Хөх өнгөний бэлгэдэлийг авч үзэхэд сонирхолтой санагдсан зүйл бол Монгол хэл аялгуунд элбэг тохиолдох “хөх ногооны униар” “хөх ногооны шим” гэсэн үг хэллэг байлаа. Учир нь хавар соёолон ургаж буй ногоог “ хөх ногоо” хэмээн нэрлэдэгтэй холбоотой бөгөөд энэ нь өнгөний тухай Монголчуудын өвөрмөц үзлийг илэрхийлнэ. Дээрхи бэлгэдэлүүдээс харахад хөх өнгө нь Монголчуудын хувьд хамгийн эрхэм өнгө гэж хэлж болох юм.Ийнхүү дэлхий дахинаа Монгол улс Хөх тэнгэрийн орон хэмээх нэрээрээ хэдийнээ бүхний танил болон ихэд алдаршсан гэж хэлж болно.
Япончууд хөх өнгийг хаврын өнгө хэмээн үздэг . Мөн уг өнгийг ялалт амжилтын бэлгэдэл болгодог ба хүйтэн цэвдэг , өргөн уудам гэсэн утгыг агуулдаг байна. Япон хэлний хөх ( 青 ) гэсэн үгийг хэрэглэн аонисай,аосамурай”青二才・青侍 “ гэх мэтээр нас бие гүйцээгүй,дадлага туршлагагүй эр хүн,зэрэг дэв доогуур самурай гэсэн утгыг тус тус илэрхийлдэг бол青年,青いりんご,青い草 гэх мэтийн сайн утгыг илэрхийлэх нь цөөнгүй . Үүнээс гадна ямар ч зэрэг дэвгүй эмэгтэйг 青女房 хэмээн нэрлэж байсан байна. Хөх өнгө нь Дорно зүгийн бэлгэдэл төдийгүй Бархасбадь гаригийн төлөөлөл болдог.

Ногоон өнгөний бэлгэдэл

Ногоон өнгөний бэлгэдэлийн язгуур гарал нь байгал ертөнцийн эх үзэгдэл “өвс ногоо “ цэцэг навчны урган төлжих цэцэглэн дэлгэрэх үйл цаг хугацаа нөхцөл байдалтай шууд холбоотой . Өөрөөр хэлбэл ногоон өнгийг газар дэлхийн өнгө хэмээн үзэж дархад бөөгийн ёслолд мөнх ногоон шилмүүст мод бүхий “ногоон өргөл “ гэгчийг өргөдөг ёсон буй.Ногоон өнгийн бэлгэдэл нь сая соёолж буй нялх ногооны өнгийг урган төлжихүйн бэлгэдэл болгодог ажээ. Үүнтэй уялдуулан шинэ бэрийг хуриман дээр оюу ногоон тэрлэг өмсгөдөг ёс нь ургаж ундрахыг бэлгэдсэн хэрэг юм. Мөн Монгол үлгэр туульст үхсэнийг амьдруулагч ,үгүйрсныг баяжуулагч ногоон торгон дээлт хүүхний дүр ихээр гардаг. Үүнтэй холбогдуулан Монгол орны зарим уул усны эзэн савдаг нь мөн л ногоон торгон дээлтэй сайхан бүсгүй хүний дүрээр төсөөлөгддөг.
Япончууд ногоон өнгөөр байгаль ертөнцийг бэлгэдэх ёсон буй. Ногоон өнгө нь нялх зулзган нахианы бэлгэдлээс үүдэлтэйгээр аливаа зүйлсийн төлжиж боловсроогүй гэх утгаар хэрэглэдсээр ирсэн бололтой. Мөнхүү эрүүл чийргийн бэлгэдэл хэмээн үздэг гэнэ.
Ногоон өнгө нь хаврын улирлын бэлгэдэл төдийгүй мөн дорно зүгийн бэлгэдэл болдог байна. Бас нууцлаг хөх ногоон өнгөтэй Бархасбадь гаргийн төлөөлөл болдог.



Шар өнгөний бэлгэдэл


Шар өнгөний нэрийн гарал нь “шороо” (широй) “шир” (будаг) гэсэн үгстэй нэгэн гаралтай ажгуу.Ийнхүү шар шороон тивийг өнгө зүсээр нь хүндэтгэн алтан дэлхий хэмээн нэрлэх болжээ. Монголчууд шар өнгийг бичиг ном мэргэн цэцэн ухааны бэлгэдэл хэмээн үзсэн байдаг . Үүний нэг жишээ нь шарсан мах андадгүй шар зурхайч хэмээн хэлдэг нь хүний цэцэн цэлмэг ухааныг илэрхийлсэн үг юм. Үүнээс гадна лам хуврагуудын өмсгөл болон шашны эд зүйлсэд шар өнгийг ихэвчлэн хэрэглэсэн байдаг. Энэ утгаараа шар өнгө нь шашны бэлгэдэлийг илэрхийлдэг бололтой. Монгол ураг хуримын ёсны бэлгэдэл болсон шар хив хадаг нь хүмүүний ургыг холбох бат бэхийн бэлгэдэл болдог байна. Мөнхүү бид бүхэн хорвоо ертөнцийг өөрийн гэрэл гэгээ,дулаан илчээрээ тэтгэн амьдруулагч нарыг алтан шар хэмээн нэрлэх нь олонтой . Алтан шар хэмээсэн нь угтаа нарны өнгө гэрлийг бэлгэдсэн бололтой. Шар өнгөний бэлгэдэлийн эсрэг талыг домогт илэрхийлэхдээ “шулмасын шар туяа “ гэгчээр дүрслэн үзүүлсэн байдаг.
Япончууд энэхүү өнгөөр алтан нарны цацрагыг бэлгэдэхийн зэрэгцээ улбар шар өнгө нь урган төлжөөгүй гэсэн санааг давхар илэрхийлдэг юм байна. Алтан шаргал өнгийг зуны төгсгөл ,газар дэлхийн амьдлаг эрч хүчний оргилолтын бэлгэ тэмдэг , мөн төв үзэл санааны илэрхийлэл болохын зэрэгцээ Санчир гаригтай холбон үздэг. Үүнээс өөрөөр алтан шаргал өнгийг хайр дурлалын өнгө болгон дээдлэн хайрласаар ирсэн байна.

Улаан өнгөний бэлгэдэл

Улаан өнгөний бэлгэдэл нь үүсэл гарлынхаа хувьд байгаль ертөнц , хүний соёл иргэншил дээрх хамгийн чухал үзэгдэл болсон гал, галын дөлыг төлөөлдөг. Хүний бие дээр авч хэлэхлээр эрүүл биеийн цусны өнгө шунх улаан байдагтай авцалдуулан идэр чийрэг ,эрүүл саруул, цог золбоог илэрхийлдэг байна. Хуучин цагийн оршуулгын ёсонд хүний яснаа улаан шунх ,зосын зүйл түрхдэг байсан нь даруй “амилуулах” гэсэн утгыг агуулдаг байжээ. Жаргалтай хатны хацар улаан гэдгээс үзэхэд улаан өнгө нь залуу халуун нас эрүүл саруул бие цог заль бадарсан сүр жавхлант дүр байдлыг илтгэж байна. Мөн Монголчууд махаар шүүс тахих тахилгыг улаан тахилга хэмээдэг . Улаан өнгөний бэлгэдэл нь шууд , дам аль нэгэн холбоогоороо ихэнх тохиолдолд гал, галын дөлтэй утгын хувьд авцалдуулан үздэг билээ. Монголчууд улаан залаатай малгай өмсдөг байсан бөгөөд энэхүү залаа нь Монгол угсаатан гурван цагт галын дөл мэт мандан бадрахын бэлгэдэл болж байснаас түүхэнд өөрсдийгөө Улаан залаат Монголчууд хэмээн нэрлэж байжээ.
Япончууд бусад үндэстний нэгэн адил улаан өнгөөр амьдралын эх булаг болох цус,дэлхий ертөнцийг үүрд гэрлээрээ ивээн тэтгэгч наран хийгээд үргэлж дээш ноцон асагч галыг бэлгэдсээр ирсэн байна.
Эрт дээр үед Япончуудын өвөг дээдэс час улаан өнгийг нас бие гүйцсэн залуу охины бэлгэ тэмдэг болгон эрхэмлэн дээдлэж байжээ.Улаан өнгийг баяр ёслолын өнгө хэмээн 正月 буюу цагаан сарын үед хахир хатуу өвлийг өнтэй даван туулахад сэтгэлийг дулаацуулагч гэгээлэг өнгө хэмээгдэн олон зууны турш хүндлэн шүтсээр ирсэн гайхамшигт түүхтэй ард түмэн юм.Тиймээс өнөөг хүртэл баяр ёслолын үеэр хүндэтгэлийн зоог болох сэкихан” 赤飯” буюу улаан будааг зооглодог билээ.Хамгийн сонирхолтой нь Монгол,Япон 2 орны төрийн далбаанд улаан өнгө орсон байдаг.Тус тусын бэлгэдлийг агуулан бөгөөд Японы төрийн далбаа дээрх дугуй улаан дүрс нь нарыг бэлгэдсэн явдал хийгээд улс орноо Ниппон”日本” буюу Мандах нарны орон хэмээх болсон ажгуу.Иймээс ч Монголчууд бид бүхэн Япон орныг Наран Улс хэмээн нэрлэдэг буйзаа.Японы түүхэн сурвалжаас үзэхэд Мэйжигийн үед улаан өнгийг ихэд хэрэглэх хүсэлтэй байсан байна.Тухайлбал энэ л үеэс эхлэн цэргийн бүч, төрийн далбаандаа улаан өнгийг авч хэрэглэх болсон . Улаан өнгө нь зуны бэлгэдэл төдийгүй өмнө зүгийн бэлгэдэл болдог байна.

Хар өнгөний бэлгэдэл

Монголчууд хар өнгөөр аливаа муу үйл ,муу санаа,харгислал,уй гашуудал, үхэл сүйрлийн төлөөлөл болгон үзсээр иржээ. Хэдийгээр харийг эерүүлэн нэрлэх бараан хэмээх хүндэтгэл бий боловч хар бараан хэмээх хослол нь бүхэлдээ ертөнцийн нэгэн үзэгдэл гэрэл гэгээний ерөндөг, харанхуйн төсөөлөл болон буудаг. Мөн Монгол бөө мөргөлийн зан үйлээс хар өнгөний мөн чанарыг бүрэн мэдэж болох аж. Жишээ нь: “Үхээрийн хар будан үргэлж яагаад манарна вэ ? “ хэмээн онгодын хэллэгт орж ирдэг байна. Тэгвэл хар өнгөний бэлгэдэлийн нэгэн тодорхой жишээ нь өвөг дээдсийн маань эртнээс нааш шүтэж ирсэн Хараа ихт хар сүлд нь “айлгахын бэлгэ “ гэнээ. Иймээс ч дөрвөн хөлтэй догшин хар сүлд хэмээн нэрлэдэг бөгөөд хар өнгөтэй байдаг нь өстөн дайснаа айлгахын догшин авирыг илэрхийлж буй явдал юм . Эрт дээр үеэс Монголчууд эгэл жирийн ард олныг “хар ард ” буюу “ харц ард “ гэж нэрлэдэг байсан нь нийгмийн доод давхрагыг хар өнгөөр илэрхийлдэг байсантай холбоотой. Мөн сахил хүртсэн лам хувраг хүн бурхны номоо орхин эгэл хүн болохыг “хар болох” гэж хэлэх ёсон байдаг . Үлгэр туульст ер бишийн баг хар идээ хэмээгч гардаг бөгөөд энэ нь хүний урьд өмнөх бүх явдлыг мартуулах , ой ухааныг арчин арилгах увидаст хар хор ихтэй идээ юм. Ерийн ярианд гэр орон, эхнэр хүүхдийнхээ төлөө өдөр шөнийг умартан зүтгэгчийг баг идээндээ баригдсан амьтан гэж хэлэх нь бий. Мөн архи дарсыг хар идээ хэмээн нэрлэж хэтрүүлэн хэрэглэхийг цээрлэн дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж амс гэж сургасаар ирсэн билээ.
Япончуудын хувьд хар өнгө нь хир буртаг , бохир заваан,азгүй,муу ёрын төлөөлөл болж байснаас эрт дээрээс хүмүүсийн таашаадаггүй өнгөний нэг болсоор ирсэн гэнэ.Эртнээс үхлийн өнгө гэгдэж байснаас өнөөг хүртэл зовлон гунигт автсан үедээ хар хувцас өмсөн ,харуусал гунигаа илэрхийлдэг билээ. Шашны өнгөний дүрслэлд шар,цагаан,улаан,хөх өнгөтэй хослох тул олон өнгөний суурь өнгө болгон хэрэглэдэг байна.Зэрэг дэвгүй өөрөөр хэлбэл жирийн ард олны хувцас гэдэг заавал хар бараан өнгөтэй байх ёстой байсан байна.Мөн лам хувраг хүн жирийн эгэл ард болохдоо ,хар хувцсаа тайлж цагаан хувцас өмсдөг учраас 白きに返す гэж хэлдэг байх юм.