Amidarval amidarsan shig amidar, yamar ch yed aidasguigeer amidar...

Monday, May 14, 2012

Үгийн утгыг орчуулгад анхаарах нь /2-р хэсэг/

Арьс: Хүн амьтны биеийн гадуур булчинг бүрхэж байдаг хөрс, гурван давхрагаас бүрдэнэ. Биеийг хамгаалах, биеийн дулааныг тохируулах, илүүдэл зүйлийг ялган гаргах үүрэгтэй. Биеийн хамгийн гадна байж, хамгийн түрүүн юманд хүрэлцэж байдаг учраас хүртэх мэдрэхүйн эрхтэн хэмээн үзэж, сонгон авлаа.
Монгол, япон хэлэн дэх арьстай холбоотой хэлц хэллэгийг утга үүргийн хувьд дараах байдлаар ангиллаа.
1. Хүн амьтаны туранхай гэдэгийг илэрхийлсэн хэллэг
 Энэ утгыг монгол хэлэнд “арьс яс болох”, “яс арьс болох” гэж хэлдэг бол япон хэлэнд мөн “骨と皮” гэж хэлдэг байна.
2. Монгол хэлэнд хүнийг зодох, зовоож тарчлаах гэсэн утгыг арьстай холбож илэрхийлсэн байна.
 Тухайлбал: “арьс махтай нь хатаах” гэвэл ихэд зовоох, “арьсийг нь хуулах”, “арьсийг нь өвчих” гэвэл зодох гэсэн утгыг илэрхийлж байна. Харин япон хэлэнд арьсийг ийм утгаар хэрэглээгүй байна.
3. Монголчууд хулгайч, элдэв муу зүйл хийдэг бусармаг хүнийг “хүний арьс нөмөрсөн чоно” гэж ярих нь бий. Тэгвэл япон хэлэнд “皮をかぶる”(арьс нөмрөх) гэвэл үнэн дүр төрх, мөн чанараа нууж далдлахыг хэлдэг ажээ. Магадгүй энэ нь хоёр оронд дэлгэрсэн бурханы шашны сургааль үлгэрт гардаг барын арьс нөмөрсөн илжигний үлгэрээс эх үүдэлтэй байж болох талтайг үгүйсгэх аргагүй билээ.
4. Япон хэлний арьстай холбоотой хэлц хэллэгүүд ихэвчлэн өнгөц, хуумгай гэсэн утга илэрхийлж байна
 Тухайлбал: “皮膚の見”(Арьсны үзэл), “皮相の見”(Арьсны өнгөц үзэл) гэвэл юмыг өнгөцхөн, гаднаас нь хараад дүнэсэн дүгнэлт, бодсон бодол, “皮肉の見”(Арьс махны үзэл) гэвэл хүнийг гаднах байдалаар нь шоовдорлох, “皮算用”(Арьсны тооцоо) гэвэл ажлыг дуусгаагүй байж үр дүнг нь харах гэх гэсэн утгыг тус тус илэрхийлж байна.
5. Мөн япон хэлэнд юмны зааг ялгаа таш өчүүхэн бага, ялгахад хэцүү гэсэн утга илэрхийлэхдээ арьсыг оролцуулан хэлц хэллэг үүсгэжээ.
 “皮か身か”(Арьс уу, бие үү) гэвэл ялгахад хэцүү, “皮膜” (Арьс хальс) гэвэл маш бага ялгаатай зүйлийг илэрхийлдэг байна.

Тархи: Хүн амьтны гавлын дотор байдаг, төв мэдрэлийн тогтолцооны гол эрхтэн болох эд, уураг тархи. Хүн таван мэдрэхүйгээрээ мэдрэн хүлээж авсан аливаа мэдээллийг тархиа ашиглан оюун дүгнэлт гаргаж тэдгээр мэдээлэлд хариу үйлдэл үзүүлдэг. Тархийг аливаа зүйлийн талаар эргэцүүлэн бодож ухаарч мэдрэх зургаа дахь мэдрэхүйн эрхтэн гэж үзэх үзэл ч бас бий билээ. Ийм учраас таван мэдэрхүйтэй холбоотой хэлц хэллэгийг судласных тархитай холбоотой хэлцийг ч мөн судлан үзэх нь зохистой болов уу хэмээн санаж энэхүү хэлцүүдийг шинжилж үзээд дараах байдлаар ангиллаа.
1. Хүний мэдлэг чадвар, оюун ухааныг иэрхийлсэн
 “Тархитай хүн” гэж хэлэхэд , хүн угаасаа л тархитай байдаг шүү дээ гэж хэлэх монгол хүн үгүй биз ээ. Учир нь энэ үг нь уг хүнийг эрдэм мэдлэгтэй, ухаантайг илэрхийлсэн хэрэг юм. Тэгвэл япон хэлэнд ч мөн “脳が弱い”(тархи сул) гэвэл юмыг ухаж ойлгохдоо муу, сэтгэхүй муу гэсэн утга илэрхийлсэн байна.
 Үүний эсрэг ухаангүй, мэдлэггүй гэхийг монгол хэлэнд “усан тархитай”, “тархи нь гашилсан” гэж хэлдэг бол япон хэлэнд “脳味曾が足りない” (тархи хүрэлцэхгүй) гэж хэлдэг байна.
2. Аливааг эргэцүүлэн бодох гэсэн утгыг илэрхийлсэн
 Монгол хэлэнд аливааг маш их эргэцүүлэн бодох гэсэн утгыг “тархиа барах”, “тархиа гашилгах”, “тархиа ширгээх” гэсэн хэлээр илэрхийлдэг бол япон хэлэнд “脳味曾を絞る”(Тархиа шавхах) гэж хэлдэг байна.
3. Хүний ой ухаан, сэтгэл гэсэн утга илэрхийлж байна.
 Монгол хэлэнд юмыг сэтгэлд хоногших, ой тойнд хадгалагдан үлдэх гэсэн санааг “тархинд шингэх” гэж хэлдэг билээ. харин япон хэлэнд үүнийг “脳味曾に焼き付く”(тархинд шарагдаж наалдах) гэж хэлдэг байна.