Amidarval amidarsan shig amidar, yamar ch yed aidasguigeer amidar...

Monday, May 14, 2012

Хэл –соёлын ойлголт ба менталитет

Хэл –соёлын ойлголт ба менталитет
Эх сурвалж: Харилцагч хүмүүсийн соёлын солбицлыг хангах гол хүчин зүйл нь бие биеэ харилцан ойлгох явдал юм. Гадаад хэл суралцагч хүн уг хэлний үзэгдэл, хэлзүйн тогтолцоог сайтар мэдэн хэл ярианы тодорхой дадлага, чадвартай болохынхоо хэрээр харилцагч хүнээ ойлгоно. Харилцагч хүмүүс бие биеэ ойлгохын үндэс нь хэл хэлээ дагасан харь соёл, тухай тухайн ард түмний үндэсний соёлын онцлог, түүний бүхий л хэв шинж буюу менталитетийг эзэмших явдал юм. Тийм учраас харилцан ойлгохын учир шалтгаан, нөхцөлийг соёлын бүрэлдэхүүн ойлголтоор судлаачид тайлбарлажээ...
“Орчин цагийн хэл шинжлэл” Э.Равдан УБ.,2005 он Хэл-соёл судлал бөлөг 198-р тал
Түлхүүр үг: хэл, хэл-соёлын ойлголт, соёл, менталитет
Товч утга: Хэл- соёлын уялдаа, шүтэлцээний тухай асуудал нийт хүн төрөлхтний анхаарлыг татсаар иржээ. Түүний учир нь хэлний судалгаа бүтэц, тогтолцоо, тэдгээрийг зэрэгцүүлэн судлах, гарвалзүй зэргийн хүрээнээсээ байнга хальдаг хэлний тухай шинжлэх ухааны өөрий нь өвөрмөц онцлог чанар, олон талт судлахуунтай нь юуны өмнө холбоотой...Хэл шинжлэл, соёл судлал хоёр ойртсон нь тохиолдол биш, амьдралаас, тэр дундаа гадаад хэл сурах, түүнийг заах аргаас үүдэлтэй ажээ.
Аливаа улс үндэстний түүх хөгжиж ирсэн нөхцөл, газарзүйн орчин өөр өөр байдаг нь бусдаас ялгаатай үзэл бодол, зан үйлийн хэвшмэл шинжтэй болгодог. Үүнийг нийтлэг байдлаар үндэстний менталитет хэмээх ойлголтод багтаан үздэг. Нийгмийн аливаа өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэх эсэх нь энэхүү менталитетийг хэр зэрэг харгалзсанаас шалтгаална. Тиймээс хэл соёлын шүтэлцээ болон үүнтэй уялдаа бүхий менталитетийн тухай ойлголт авахаар зорьсон болно.
“ Хэл бол нийт хүн төрөлхтний буюу эсвэл аль нэг үндэстний эрт дээр цагаас эдүгээ хүртэл бүтээн бий болгосон эдийн болон оюуны соёлын бүх зүйлийг тэмдэглэж нэрлэнгээ хуримтлуулан хадгалж, бас түүнийг үеэс үед уламжлуулан өвлүүлэх хэрэглүүр байдаг учраас үндэстний хэлийг үндэстний соёлын илэрхийлэл баримт хэмээн үзэж байгаа билээ”
Хэл соёлын шүтэлцээний тухай санаа анх 20-р зууны үед үүссэн хэдий ч өнөөдөр хэл шинжлэлийн тулгамдсан асуудлын нэг байсаар байна. Хэл соёлын шүтэлцээ нь хэлний бүх түвшнээс үгийн сангийн түвшинд хамгийн түрүүнд илэрдэг. Аль ч улсын соёл, ахуй амьдрал, ёс заншил, хэл яриа нь өвөрмөц онцлогтой.
Хэл шинжлэл-орон судлалын салбарт хэл ба соёлын харилцаа холбооны асуудлыг эрдэмтэд үндэстний соёлын бүхэлдэхүүн хэсэг гэж үздэг. Хэл нь мөн соёлыг илэрхийлэх арга зам, шалтгаан болдог. Үндэстний хэл бүрт үндэсний соёлын дүр төрхийг харж болно. Тэгэхээр тэрхүү үндэстний соёлоор дамжин буй онцлогийг олж харахын тулд тухайн үндэстний менталитетийг ажиглан, түүнийг эзэмших нь гадаад хэл сурч буйн чухал ач холбогдолтой тал юм.
Менталитет гэдэг үг нь франц хэлний “ mentalite “, англи хэлний “mentality “, “ mens “ (mentis) гэдэг латин үгнээс гаралтай бөгөөд “ухаан “, “сэтгэлгээ”, “сэтгэлгэний хэв маяг”, “оюун санаа” гэх мэт утгыг илэрхийлдэг гэж үздэг байна.
Менталитет нь бодит байдлын субьектив дүр бөгөөд хүмүүсийн ертөнцийг ойлгох, мэдрэх явдлыг тодорхойлж байдаг харьцангуй өнгөц, хувьсамтгай төсөөллийн цаана тогтвортой өвөрмөц систем болно. Үүний зэрэгцээ менталитетийг ухамсар, түүний агуулга “ мэдрэмж, үзэл бодол, төсөөлөл, сэтгэлгээний арга барил, бодит байдлыг ойлгох, дүрслэх арга” гэж ч үздэг.
Сэтгэлзүйч И.Г. Дубов : Менталитет гэдэг нь тодорхой соёлд оршиж буй хүмүүсийн интеграль тодорхойлолт бөгөөд энэ нь тэдний ертөнцийн тухай ерөнхий төсөөллийг илэрхийлэх ба түүнд нөлөөлөх өвөрмөц онцлогийг тусгадаг гэж үзсэн байна. Тэгвэл менталитет гэдгийг доктор Н.Хавх “ унаган төрх “гэж үзжээ. Мөн энэхүү ойлголтын талаар Лебон ард түмэн бүр өөрийн анатомийн онцлогуудтай ижил, тогтмол өвөрмөц оюунлаг бүтэцтэй учир үзэл бодол, итгэл үнэмшил, мэдрэхүй ба урлахуйг бий болгодог гэж үзжээ. Тэгэхээр менталитет гэдэг нь тухайн үндэстнийг бусдад таниулж, илэрхийлж буй дүр төрх юм гэж ойлгож болох юм.
-“Менталитет”-ийг жишээгээр тайлбарлах нь : Монгол, япон хоёр үндэстний менталитетийг харьцуулан харвал:
Монгол хүний менталитетийн хувьд –Тайван, цагаан цайлган сэтгэлтэй, эрхэлхэг, зоригтой, залхуу гэх мэт нийтлэг зан чанартай гэж үздэг. Монгол орны цэлгэр уудам тал нутаг, цэлмэг хөх тэнгэр нь тэдний "цагаан сэтгэл, тайван " зан чанарт нөлөөлсөн юм болов уу гэж бодож байна.
Япон хүний менталитетийн хувьд- Шаргуу хөдөлмөрч, хамтач үзэлтэй, мөнгөнд хянуур, ойлгоход төвөгтэй гэх мэт зан чанартай гэлцдэг. Япон нь газарзүйн онцлог байдлаараа дэлхийн бусад орноос салангид оршин тогтносоор ирсэн бөгөөд хэдэн мянган жилийн тэртээгээс нэгэн “ гэр бүл “ гэсэн ойлолтын дор амьдарч иржээ. Тийм ч учраас “хамтын “гэсэн зарчим голлон үйлчилдэг ба тэл хувийн эрх ашгаас нийтийн эрх ашгийг дээгүүрт тавьдаг.