Amidarval amidarsan shig amidar, yamar ch yed aidasguigeer amidar...

Monday, May 14, 2012

Япон хэлний туслах үг "no" нь мэргэжлийн үг, хэллэгт хураагдах нь

Түлхүүр үг: мэргэжлийн үг хэллэг, япон хэлний туслах үг “no”, харьяалахын тийн ялгал, нийлэмж үг

Товч агуулга: Япон хэл нь монгол хэлний нэгэн адил залгамал хэлний бүлэгт багтдаг. Япон, монгол хоёр хэлний өгүүлбэрийн түвшин, үгийн тодорхой харьцаанд чухал байр суурь эзэлдэг нэрийн туслах үг “no” болон харьяалахын тийн ялгалын утгын онцлог, аливаа мэргэжлийн үг хэллэг, нэр томьёонд түүнийг хэрхэн илэрхийлж, орчуулгад яаж хэрэглэх нь чухал асуудлын нэг юм.

Япон хэлний хэлзүйн зарим дүрэм, өгүүлбэрийн гишүүдийн дараалал, авиа ижил байдгаас алтай хэлний бүлэгт багтаан үздэг болохоор монгол хэлний зүй тогтолтой нийцэх зүйл байхын зэрэгцээ хятад хэлний нөлөө тусч, газар зүйн байрлалын хувьд ч арлын улс тул мэдээж ялгаатайн дээр, өөрийн онцлогийг хадгалсан байх нь гарцаагүй. Тус хоёр хэлийг судлах явцад ч төсөөтэй болоод ялгаатай шинжүүд ажиглагдсан. Ингэхлээр бусад хэлний онцлог шинжүүдийг өөрийн хэлтэй харьцуулан судлах нь гадаад хэлийг сурах, мөн түүнчлэн хувь хүн мэдлэгийн сангаа баяжуулах зэрэгт чухал ач холбогдолтой юм.

Монгол, япон хэлний харьцуулсан судалгаа шинжилгээ өргөн дэлгэр хэдий ч тус хоёр хэлний нэрийн тийн ялгал тэдгээрийг харьцуулан судлан тайлбарласан зүйл ховор байдаг. Тиймээс тус өгүүлэлд монгол хэлний харьяалахын тийн ялгал болон япон хэлний туслах үг “no” –гийн орчуулгын онцлогийг авч үзэн, шинжлэх ухаан, техникийн үг хэллэгийг хэрхэн яаж орчуулсан болохыг нь товчхон судалж үзэхийг зорьсон болно.

Монгол хэлний харьяалахын тийн ялгал, япон хэлний туслах үг “no”-гийн талаар Ш. Лувсанвандан, М. Базаррагчаа, Л. Мишиг, Д. Отгонсүрэн, Д. Бадамдорж, Г. Жамбалсүрэн ; К. Ямада, Т. Накамура, Ш.Акира, М.Токиэда зэрэг хоёр хэлний эрдэмтдийн судалгаа, шинжилгээ арвин. Мөн “no” туслах үгийн тухай харьцуулсан судалгааг Г. Жамбалсүрэн, Ким Хагсон, С. Баттулга нар хийсэн байна.

Юуны өмнө Япон хэлний туслах үг “no”, монгол хэлний харьяалахын тийн ялгалын онцлог, түүний нийтлэг болоод ялгаатай талыг авч үзье.

Япон хэлний туслах үг “no” нь:
Япон хэлэнд голчлон нэр үгийг хооронд нь холбож, харьяалах утга илэрхийлэх, өгүүлбэрт ихэвчлэн N+のгэсэн хэлбэртэй туслах үгийг зокүкакү /zokukaku / туслах үг гэдэг. Утгын хувьд:
* Байршил
* Эзэн холбогдогч
* Цаг хугацаа
* Хэмжээ
* Өгүүлбэр дундах өгүүлэгдэхүүн
* Үйлийн эзэн
* Үйлийн зорилго
* Байрлал
(Япон хэлний дүрэм, 2008)

Монгол хэлний харьяалахын тийн ялгал нь:
Монгол хэлний харьяалахын тийн ялгал нь холбон найруулах, гол төлөв хамаатуулах утга илтгэж, хоёр бодот нэрийн хоорондох харьцааг заадаг. Утгын хувьд:
* Бүтсэн эд, бүхэл хэсгийн харьцаа
* Хэмжээ, дамжаа
* Юунд зориулсан болох
* Адилтгах
* Оноон нэрлэж, хамаатуулах
* Орон, харьяалал
* Цаг хугацаа
(М. Базаррагчаа, 2005)
Эндээс бид монгол хэлний харьяалахын тийн ялгал болон япон хэлний туслах үг “no”-гийн утгын нийтлэг шинж болох Хамаатлын болон харьяа утга; Орон байр, оршихуйн утга; Цаг хугацааны утга; Бүхэл хэсгийн утга; Үйлийн эзэн, юм үзэгдлийг заах зэрэг утгыг харж болохоор байна.
Япон хэлний туслах үг “no” нь шинжлэх ухаан, техникийн мэргэжлийн үг хэллэгт хэрхэн илэрхийлэгддэг талаар “Япон –Англи- Монгол Мэргэжлийн Хэллэгийн Толь” –оос 1075 мэргэжлийн үг түүж үзнээс 86 хувь нь япон хэлний “no” туслах үг хураагдсан буюу 熟語 /нийлэмж үг/ хэлбэрээр, харин үлдсэн 14 хувь нь “no” туслах үгийг тус тус авчээ. Тухайлбал,

* техникийн дэвшил = / 技術進歩 /
* татварын систем = /税制 /
* байгалийн чулуу = / 自然石 /
* усан хил = /領海/
* хадгаламжийн данс= /預金口座/
* фазын гүйдэл = /相伝流/
* улсын төсөв= /国の予算/


Дээрх жишээнээс үзвэл япон хэлний туслах үг “no” нь мэргэжлийн үг хэллэг, нэр томьёонд хураагддаг нь харагдаж байна. Монгол, япон хэлний хэл зүйн байгуулалт нь нэлээд төсөөтэй байдаг учраас монгол хүн япон хэл, япон хүн монгол хэл сурахад харьцангуй дөхөм гэж зарим судлаач нар үздэг. Тэгээд ч тэр үү, зарим оюутнууд хуулийн нэр томьёо, мэргэжлийн зарим үг хэллэгийг орчуулахдаа монгол сэтгэлгээгээр хандан “no” оруулж өгдөг. Гэвч япон хэлэнд мэргэжлийн үг хэллэгийг аль болох хурааж өгдөг журамтай байдаг. Энэ нь япончуудын ханз үсгийн соёл болоод юмыг товч бөгөөд тодорхой нэрлэдэгтэй нь холбоотой бизээ. Уламжлалт хэлшинжлэлийн дээрх ойлголтоос гадна Танихуйн Хэлшинжлэлийн үүднээс дээрх япон хэлний туслах үг “no”-гийн мэргэжлийн үг хэллэгт хураагдах зарчмыг тайлбарлавал:
Үүнийг англи хэлний figure, ground хэмээх үгээр төлөөлүүлэн харвал:




Зураг 2